Их жанжнаар нэрлэсэн Сүхбаатар хотын түүхэн товчоо
Сүхбаатар хот Баруун Европыг холбосон төмөр замын боомт хот,
умард хилийн харуул хот учир эдийн засаг, хөгжлийн ирээдүй бүхий түшиц
газрын нэг юм. Оросын худалдаачид 1902 оноос Цагаан эрэгт ноос угаалгын газар ажиллуулж эхэлсэн. 1905 оноос угаасан ноос бусад эд бараагаа Сэлэнгэ, Орхоны голоор тээвэрлэж байсан. 1926 оноос Союзторгфлотын хөлгийг 10 жилийн хугацаатай ашиглах болсноор худалдааны ажил өргөжиж чийдэнгийн хороо, мал авдаг Скотимпорт, Монгол тээх, Ноос угаалгын газар, банк, холбоо, клуб, соёл ахуйн үйлчилгээний том жижиг салбарууд, 1933 онд усан онгоцны зогсоол, 1937 онд Цагаан эрэг хотын захиргаа байгуулагдаж Сүхбаатар хотын суурь тавигджээ. Одоогийн Сүхбаатар хот нь 1938 он хүртэл Цагаан эрэг нэртэй байсан бөгөөд БНМАУ-ын СнЗ-ийн 1938 оны 4 дүгээр сарын 12-ны тогтоолоор Сүхбаатар хот хэмээн нэрлэгдэх болсон байна. 1921 оны 2 дугаар сард Д.Сүхбаатар 1 дүгээр багийн нутагт орших Ханын хөндийд журамт цэргийг анх хороо болгон зохион байгуулж, Хиагтыг чөлөөлөхөөр дайлаар мордсон түүхтэй. Энэ үйл явдалтай холбоотой Доод Алтан, Ханан хөндий, Хонгорморьт, Сайханы хөтөл /Тэмээн чулуутын хөтөл/ зэрэг хувьсгалын түүхт газрууд Сүхбаатар сумын нутагт байдаг. Тус сумын нутагт Монголын их усны чуулбар болсон Орхон гол, Сэлэнгэ мөрөн нийлж Байгаль далайг зорьдог. Мөн Монголын гурван нам дор газрын нэг 611 м цэг тус сумын нутаг Цагаан эрэгийн 2-р багт Орхон голын эрэгт байдаг. |