Баасан, 2024-04-19, 2:36 PM
Соёлын өвөө хамгаалцгаая...
 

+Зар нэмэх Ta зар оруулмаар байна уу... Бид таны зарыг үнэгүй нийтлэе.. X
Үндсэн цэс

Бидний тоолуур


buy tramadol 50mg


Хайлт

Хооллоорой

Дэлхийн аварга


歯科医院向け開業税理士


Цаг агаар

All programm

Main » Articles » Education

“Сургууль завсардсан хvvхэд” судалгааны vр дvнгээс


1. Сургууль завсардалтын тодорхойлолт

Судалгааны үр дүнгээр БСШУЯ-ны нэр томьёогоор суурь боловсролыг (1-9 анги хүртэл) заавал эзэмших тухай Боловсролын тухай хуулийн заалтыг мөрдлөг болгон тухайн боловс­ролыг эзэмших насны (7-16 насны) сургуульд суралцахгүй байгаа хүүхдийг сургууль завсардсан хүүхэд хэмээн тодорхойлж байна.

Харин эцэг эх, багш, сурагчид болон орон нутгийн холбогдох хүмүүс өөрсдийнхөө ойлгосноор сур­гууль завсардсан хүүхдийг тодорхойлж байлаа. Жишээлбэл: сургууль завсардсан хүүхэд гэдэгт сургуульд огт хамрагдаагүй хүүхдүүд, сургуулиа төгсөлгүйгээр гарсан хүүхдүүд, дунд боловсрол эзэмшээгүй хүүхдүүд эсвэл зарим сумдад тахир дутуу хүүхдүүдийг сургууль завсардсан хүүхдүүдийн бүртгэлд оруулан тооцдог байна.


2. Мэдээллийн нөөц: Сургуульд завсардагсдыг бvртгэх, тооцоолох

Сургууль завсардсан хүүхдийг тодорхойлоход тэдгээрийг тооцох, бүртгэх үйл ажиллагаанд төвөгтэй асуудал оршиж байгаад юм.
Боловсролын газраас эхлэн сумын түвшиний хоорондох сургууль завсардсан хүүхдийг бүртгэх үйл ажиллагаанд нь ямар нэгэн алдаа гарах магадлалтай. Энэ нь шилжих хөдөлгөөнөөс хамааралтай бөгөөд тухайн хүүхдийг нэг сургуулиас нөгөө рүү шилжиж явсан, ирсэнийг давхар хянан тулгаж үзэх систем байхгүйтэй холбоотой юм.
Сургууль завсардалтыг зарим сумын сургуулиуд хэрхэн тоолж буйд анхаарлаа хандуулах ёстой. Судалгааны явцад зарим нийгмийн ажилтнууд сургууль завсардалтыг буруу бүртгэх болон тооллогын арга нь буруу буюу мэдээллийн боловсруулалт ч хангалтгүй байх нь ажиглагдсан.

3. Янз бvрийн агентлагуудын сургууль завсардалтын талаарх мэдээллийг харьцуулах нь

2003 оны статистикийн мэдээгээр үндэсний хэмжээнд сургууль завсардагсдын тоо 17671 байна. Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2003 оны Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилт­ийн тайланд сургуулийн насны хүүхдүүдийн 13,5 хувь нь буюу 68115 хүүхэд сургууль завсардсан болохыг тусгажээ. 2003 оны UNICEF ба АББТ-ийн хамтарсан сургууль завсардагсдын судалгаагаар 40,000 хүүхэд сургууль завсардсан байна. БСШУЯ-ны болон үндэс­ний Статистикийн Газрын мэдээгээр 2003-2004 оны хичээлийн жилд нийт 11953 хүүхэд сургууль завсардсан болохыг мэдээлжээ.
Дээрхээс харахад эдгээр тоонууд нь өөр хоорондоо тохирохгүй байна. Хүний Эрхийн үндэсний Комисс ба БСШУЯ, ҮСГ-ын тоон мэдээлэл хоорондоо 56,162 буюу (17.55 %)-оор зөрүүтэйг ажиглаж болмоор. Яагаад ийм зөрүү гарч байгааг тайлбарлах боломжгүй юм. Бид энэ ялгааг зөвхөн сургууль завсардагсдыг ялгаатайгаар тодорхойлдог, тэдгээрийг бүртгэх тооцох арга зүй, горим нь стандартчлагдаагүй байгаатай холбон үзэж байна.

4. Сургууль завсардалтын шалтгаанууд

Сургууль завсардалтын шалт­гаан­ыг бид хоёр ангилалд хуваа­сан ба нэгдүгээрт: бодлогын түвшинд анхаа­рах, хоёрдугаарт: судалгааны түвшинд илэрсэн шалтгаанууд хэмээн авч үзсэн юм.

Бодлогын тvвшинд анхаарах шалтгаанууд

1. Ядуурал (бага орлого буюу амьжиргааны эх vvсвэр)

Судалгаанд хамрагсдын эцэг эх, багш нар сургууль завсардалтын хам­гийн гол шалтгааныг ядуурал гэж үзэхийн зэрэгцээгээр гэр бүлийн амьжиргаанд тус нэмэр болох үүднээс мал маллах болсноор сургууль зав­сард­даг гэж хариулсан байна. Улаанбаатарт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд нь орлогын буюу амьжиргааны тогтсон эх үүсвэргүй байв. Улаанбаатарын судалгаа явагдсан бүхий л дүүргүүдэд томоохон хэмжээний зах байрладаг тэдгээр захуудад ихэнх сургууль завсардсан хүүхдүүдийн эцэг эхчүүд нь ажилладаг аж. Мөн сургууль завсардсан хүүхдүүд ч дээрх нэр бүхий захуудад машин угаах, манах, ТВ-ийн мэдээ зарах, тэрэг түрэх, ширхэгийн тамхи, шархны боолт зарах, микро автобусанд кондуктор хийх зэрэг хөдөлмөр эрхэлж байна.
Ярилцлагад оролцсон эцэг эхчүүд ч мөн адил тэдгээрийн хүүхдүүд сургуульд суралцаж чадахгүй байгаа­гийн шалтгааныг ядуурал гэж үзэж байв. Хүүхдүүдтэй ярилцсан фокус бүлгийн ярилцлагын үеэр "Та нарт юу чухал байна вэ” гэж асуухад олонхи хүүхдүүд дулаан гутал, хувцас, хичээл­ийн хэрэгсэлтэй болохыг хүсэж байна гэж хариулжээ.

2. Хvvхдийн хөдөлмөр эрхлэлт

Ядуурлын хүнд хэцүү нөхцөл байдал нь сургууль завсардалтын үндсэн шалтгаан болохын хувьд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нөхцөлдүүлж байгааг харуулж байна. Ихэнх эцэг эхчүүд санхүүгийн бэрхшээлийн улмаас хүүхдээ бага ангиас нь сургуулиас гаргаж өрхийн мал аж ахуйдаа туслуулах, хаягдал төмөр цуглуулан борлуулах гэх мэт ажлуудыг хийлгэн мөнгө олуулдаг байна.
Судалгаа нь хөлстэй ба хөлсгүй гэсэн 2 категориор хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ялгагдаж байгааг харуулж байв. Хөдөө орон нутагт мал маллах нь мөнгө олох ажилд тооцогддоггүй байна.

3. Шилжих хөдөлгөөн

Шилжих хөдөлгөөн нь сургууль завсардалтад хүргэж буй нэг хүчин зүйл байлаа. Нүүн шилжихэд хүргэж буй үндэс нь ядуурал ажилгүйдэл аж. Шилжих хөдөлгөөнийг судлаач нар төв суурин газар руу шилжих, хөдөө рүү шилжих гэсэн 2 чиглэлд авч үзжээ.


а. Төв суурин газар руу шилжих

Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт нь хөдөөд ажлын байрны хомсдол бий болгож, мал аж ахуйн салбарын бүтээмжийн бууралт үүсэн, үйлчилгээний салбар зонхилогч салбар болсон зэргээр хөдөөгийн хүн амын амьдралд асар их нөлөө үзүүлсэн билээ. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлд гарсан өөрчлөлттэй уялдан ажлын байр хайн хөдөөгийн хүн ам төв суурин газар руу шилжих болсон юм.

б. Хөдөө рvv шилжих
Цөөн ам бүлтэй их хэмжээний малтай өрхүүд малаа маллахаар хүүхдүүдийн хамтаар хөдөө рүү нүүж амьдрах болсон байна. Мөн сумын төвөөсөө 35-50 км-ын зайтай амьдардаг өрхүүдийн хувьд хүүхдээ сургуульд хүргэх, буцааж авчрах нь маш төвөгтэй. Дотуур байрны хүрэлцээ муу, хүүхдээ сургуульд хүргэж өгөх боломжгүй буюу унаа тээврийн олдоц муу байдал нь эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулахаас татгалзахад хүргэж байна.

в. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг ба гэр, сургууль хоорондын алсагдмал байдал
Бид нүүдэлчдийн амьдралын хэв маяг нь суурьшмал сургуультай хэрхэн зөрчилддөг болохыг судалгаагаар сонирхсон юм. Эцэг эхчүүд хүүхдээ байлгах газар олох, сургуульд нь хүргэж өгөх, авах тээврийн хэрэгслийг хайх зэргээр хүүхдийнхээ боловсролын төлөө маш их хичээж зүтгэдэг.
Судалгаанд хамрагдсан сургууль завсардсан хүүхдүүдийн тал хувийнх нь гэр, сургуулиас дунджаар 10 орчим км-ын зайд байрлах ба 56 хувь нь явган, 12,2 хувь нь машинаар, 3 хувь нь морь эсвэл тэмээгээр, 2 хувь нь мотоциклоор сургуульдаа явдаг байна. Үлдэх хүүхдүүд нь уг асуултад хариулаагүй байв. Говийн бүс нутагт 130 км-ын цаана гэр нь байрладаг нь хамгийн хол аж. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдээ байлгах газар олж чадахгүй бол мөн хүүхэд нь сурлагаар тааруу бол түүний хичээл сурлагад нь цаг, мөнгө зарцуулалгүйгээр сургуулиас гаргахаар шийддэг аж. Өөрөөр хэлбэл тэдний хувьд хүүхдээ сургаснаас мал маллуулсан дээр гэж үздэг байна.



4. Дотуур байрны хvрэлцээ муу

Дотуур байрны хүрэлцээгүй байдал нь сургууль завсардахад хүргэж буй нэгэн шалтгаан болохыг харуулж байгаа ба ялангуяа холын суманд илүүтэй илэрч байна. Шилжилтийн үетэй холбоотой­гоор эдийн засгийн хямралаас үүдсэн санхүүжилтийн бэрхшээл нь дотуур байрны тогтолцоонд шууд нөлөөлсөн байна. Жишээлбэл: 1996-2000 онуудад хүүхдээ дотуур байранд суулгах эцэг эхчүүд нь хүүхдийнхээ хоол хүнсийг өөрсдөө төлөх ёстой болжээ. Энэ нь ядуу өрхийн сургуулийн насны хүүхдүүдийг сургуулиас гарахад нь нөлөөлсөн. Үүнээс болж эцэг эхчүүд дотуур байранд хүүхдээ байлгахаас татгалзаж өөрсдийн гэсэн хашаа байшин худалдан авах, түрээслэх эсвэл хүүхдээ хамаатан садныдаа суулгах, хамаатан садан байхгүй бол сургуулиас гаргах болсон байна.

5. Багш нарын ялгаварлан гадуурхалт

Ярилцлагын үр дүнд сургууль завсардалтад хүргэж буй шалтгаануудын нэгээр сургууль болон багш нарын зүгээс үзүүлэх нөлөө болох нь тогтоогдсон билээ. Судалгаанд оролцогсдын хариултуудад тулгуурлан авч үзвэл хичээл сурлагын хувьд тааруухан суралцаж байгаа нэгнийг хэт шүүмжлэн, өөнтөглөж, ямар нэг хэлбэрээр шийтгэдэг зэрэг багш нарын зан үйл нь уг хүүхдийн сургуулиас зугатахад хүргэдэг байна.

Судлагдсан бvс нутгуудын хvрээнд анхаарах шалтгаанууд

1. Биеийн хийгээд оюуны хөгжлийн бэрхшээл

Судалгааны багийн тайлагнаснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, асран халамжлах үйлчилгээ хөдөө орон нутагт байхгүй байгаа нь биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудал нь анхаарлын гадна үлдэхэд хүргэж байгаа аж.
Зөвхөн аймгийн төвийн сургуулиуд энэ талаар бага зэрэг анхаарч байгаа бөгөөд иймд маш цөөхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийн үйлчил­ээг хүртэж байна. Харин сумдын сургуулиудад тэдгээр хүүхдүүд суралцах боломжгүй аж.
Зарим тохиолдолд сургууль, багш нар сурагчдыг үнэлэхдээ алдаа гаргаж байна. Энэ нь бусадтай харилцаж чаддаггүй эсвэл сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бүрэг ичимхий, дуугай, хичээл сурлагандаа амжилт гаргаж чадахгүй байгаа сурагчдыг эцэг эх, багш нар оюуны хомсдолтой гэж үзэх хандлагатай. Тиймээс багш нар эдгээр хүүхдийг ангидаа суралцуулах сонирхолгүй, эцэг эх нь "оюуны хомсдолтой” гэгдэх хүүхдийн сургалтад мөнгө зарцуулах хүсэлгүй зэрэг нь тэдгээр хүүхдүүдийг сургууль завсардахад хүргэдэг байна.

2. Харилцааны чадварын болон нийгэмшилтийн хоцрогдол

Сургуульд огт хамрагдаагүй хүүхдүүдийн дунд оюуны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тун цөөн байв. Сэтгэх чадварын хувьд удаан, ярих чадвар муу тэдгээр хүүхдүүд нь сэтгэлгээний хүрээ нь явцуу, аймхай халирхай зан авиртай, ичимхий, бүрэг, зожиг, илэн далангүй бус байсан байна. Тэдгээр хүүхдүүдийн зан үйлийн төлөвшил нь зөвхөн өөрийн гэр бүлийн гишүүдтэй л голчлон харилцдаг харилцааны явцуу хүрээ, зөвхөн радиогийн нэврүүлгээр л мэдээлэл хүртэж буй хязгаарлагдмал боломж бүхий байгаагаар нөхцөлдөж байлаа. Тэдгээр хүүхдүүд тун бага ярьдаг ба тэр бүү хэл эцэг эхтэйгээ хэрхэн ярихаа ч мэддэггүй байна. Тэд эцэг эхээсээ зөвхөн "бос”, "хоолоо ид”, "унт” гэсэн захиран ту­шаа­сан үгсийг, хааяа нэг "дүүгээ асар”, "их тоглож болохгүй” гэсэн үгсийг сонсдог байна.

3. Yе тэнгийнхний дээрэлхэлт буюу ялгаварлан гадуурхалт

Ангийхан болон үе тэнгийнхэндээ дээрэлхүүлсэн эсвэл ялгаварлан гадуурхагдаж байсан нь сургуулиас гарахад хүрдэгийг судалгааны дүн харуулж байлаа. Энэ нь тэдний ядуу байдал, анги хамт олны үйл ажиллагаанд мөнгө зарцуулах боломжгүй байдалтай шууд холбогддог аж. Тэр хүүхдүүдийн гэр бүлд идэх юм хомс. Зарим багш нар болон ангийн сурагчид тэдгээр хүүхдүүдийн энэ байдлыг ойлгодоггүй ба ангийн үйл ажиллагаанд идэвхгүй хандаж байгааг нь буруушааж зэмлэсэн байдлаар ханддаг байна. Тиймээс эхлээд ангийнхан болон багшийнхаа өмнө ичиж зовон аажмаар хичээлээ тасалсаар сургуулиа орхиход хүрдэг аж. Сурагчдаас мөнгө цуглуулдаг байдал нь сургууль завсардахад хүргэж буй нэгэн шалтгаан болж байгаагийн зэрэгцээ Монголын боловсролын системд тулгараад буй шийдвэрлэвэл зохих нэгэн асуудал болоод байна.

4. Эцэг эхчvvдийн боловсролын төвшин

Эцэг эхчүүдийн боловсролын төвшин нь хүүхдүүдийн сургууль завсардалтад нөлөөлж байлаа. Судалгаанд оролцогчдын дийлэнх хувьд сургууль завсардсан хүүхдүүдийн эцэг эх нь боловсролгүй, бага боловсролтой, эсвэл бүрэн бус дунд боловсролтой байв. Ийнхүү боловсрол доогуур эцэг эхчүүд боловсрол доогуур хүүхдүүдийг бэлтгэн хүмүүжүүлж байгааг судалгааны багийнхан ажигласан юм. Боловсрол багатай эцэг эхчүүд нь өөрсдийн хүүхдүүдийн хичээл сурлагад анхаардаггүй ба хүүхдүүдийнхээ хичээл сургалтын үйл ажиллагаанд нь тусалж, зааж зөвлөж чаддаггүй байна.

Уг судалгаа нь сургууль завсардалтын статистик, сургууль завсардалтын шалтгааныг тодруулсны зэрэгцээгээр боловсролд хандах хандлага, үзүүлэх нөлөөг судалсан юм. Үүний үр дүнг дараах байдлаар авч үзье:

5. Боловсролд хандах хандлага

Судалгааны үр дүн сургууль завсардсан хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд боловсролыг өндрөөр үнэлж байгааг харуулж байлаа. Эцэг эхчүүдийн 83 хувь, хүүхдүүдийн 73 хувьд боловсрол нь тэдний ирээдүйд чухал зүйл болохыг хүлээн зөвшөөрч байсан ба хэдийгээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй ч эцэг эхчүүд­ийн 82 хувь нь өөрсдийн хүүхэддээ боловсрол эзэмшүүлэхийг эрхэмлэж байгааг судалгааны дүнгээс харж болно. Сургууль зав­сард­сан хүүхдүүдийн 64 хувь нь буцаж сур­гуульдаа орон үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Уламжлал ёсоор монголчууд нь боловсролыг өндрөөр үнэлдэг хэдий ч, шилжилтийн эхний жилүүдэд олонхи эцэг эхчүүд боловсролд итгэх итгэл нь алдарч хүүхдүүдээ сургуулиас гаргаж эхэлсэн аж. Судалгааны дүн эцэг эхчүүд ямар нэгэн арга хэмжээ авсан аваагүйгээс үл хамааран боловсролыг хүүхдүүдийнхээ ирээдүйд чухалчлан үзэж, сургуульд сургах хүсэлтэй байгааг харуулав.

6. Сургууль завсардсан хvvхдvvдийн хандлага

Хээрийн судалгааны явцад сургууль завсардсан хүүхдүүд эцэг эхээрээ ч сургууль завсардсан гэж дуудуулах дургүй байгаа нь ажиглагдсан байна. Тэд "сургууль завсардсан хүүхэд” гэдэг үгийг хэрэглэхээс татгалзаж, "сургуулиа орхигсод” хэмээн дуудуулахыг илүүд үзэж байв.
Судалгааны үр дүн суралцах сонирхолгүйгээс эсвэл сурахыг хүсээгүйгээс сургуулиас гарахад хүрсэн байна гэж үзэж болохгүйг харуулж байна хэмээн судалгааны баг дүгнэсэн юм. Сургууль завсардсан хүүхэдтэй ярилцахад тэрээр "Сургууль завсардсан хүүхэд байх нь ичгүүртэй. Намайг хүмүүс уншиж, бичиж чадахгүйг минь мэдчих вий гэхээс би үргэлж айдаг. Иймд би сургуулийн хүүхдүүдтэй харилцах дургүй” гэж байв.

7. Жендэрийн асуудал: Хөвгvvдийн сургууль завсардалт

Судалгаагаар хүүхдүүд яагаад сургууль завсардав, яагаад сургуульд огт суралцсангүй вэ гэдэгт жендэрийн нөлөө байгаа нь харагдаж байлаа. Асуулгын дүнгээс харахад хөвгүүд малчин болох (71,4 %), гэр бүлийнхэндээ тус нэмэр болох үүднээс (61.5 %) сургуульд огт ороогүй байх нь элбэг байсан юм. Ийнхүү амьжиргааны түвшин доогуур байдал нь охидоос илүү хөвүүдэд сургууль завсардахад шууд нөлөөлдөг байна. Охидын хувьд сургууль завсардсан эсвэл сургуульд огт хамрагдаагүйн гол шалтгаан бол өвчин эмгэг тусах явдал аж (75%).
Өвөрхангайн судалгааны багийнхны явуулсан ярилцлагаас хөвгүүд ажил хийх, гэр бүлдээ тус нэмэр болох үүднээс сургууль завсарддаг болохыг тодруулсан байна. Эцэг эхчүүд нь хөвгүүдэд гэр бүлийн хөдөлмөр тэр дундаа мал аж ахуй эрхлэх, тэрэг түрэх, худалдаа эрхлэх, газар шорооны ажил эрхлэх, алт угаах зэрэг хөдөлмөрт "ажиллах хүч” болох талаас нь анхаардаг бол охидуудын хувьд гэрээр хийсэн бууз, хуушуурыг борлуулах, жижиг худалдаа эрхлүүлэх зэргээр ажиллуулдаг байна.
Охидууд ямар нэгэн хүчирхийлэл, дарамтад илүү өртдөгтэй нь холбоотойгоор тэдэнд сургуульдаа үлдэн суралцах нь дээр байдаг. Сургуульд суралцдаггүй охидууд эрт жирэмслэх нь нэмэгдэж байгаа аж. Ийнхүү боловсрол нь охидыг хамгаалах, дэмжих нэгэн хөдөлгүүр болдог байна. Сургууль завсардсан охид ихэвчлэн дүү нараа, эсвэл анхаарал халамж шаардлагатай байгаа тахир дутуу, өвчтэй хэн нэгнийг асран халамжлах ажлыг хийдэг байна.

8. Монголд сургууль завсардалтын төвшин буурах хандлагатай байгаа юу (vгvй юу)

Албан бус боловсролын тєв (2004) 19388
Статистикийн эмхтгэл (2003) 17671

2004 (19388) ба 2003 (17671) онуудын дүр зураг нь Монголд сургууль завсардалтын түвшин 2003-2004 оны хооронд буурах биш өссөн болохыг харуулж байна. Энэхүү ялгаа нь зөвхөн нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн болохыг харуулж байгаа бол 2003-2004 оны хичээлийн жил (11953)1 ба 2004-2005 оны хичээлийн жилд (10770)2 хоорондын ялгаа нь буурсныг илтгэнэ.
Янз бүрийн агентлагуудын, янз бүрийн онуудаар сургууль завсардалтын түвшний талаарх анализ нь сургууль завсардалтыг буурсан гэж үзэх статистикийн үндэслэл муутай байлаа. Мөн түүнчлэн байгаа статистик мэдээллүүдийг хооронд нь нэгтгэн дүгнэлт гаргах боломжгүй юм. Үүнийг 2002 оны Боловсролын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хэнийг сургууль завсардалт хэмээн тооцох талаар албан ёсны тодорхойлолтгүй, сургууль завсардагсдыг бүртгэн тооцох нэгдсэн аргачлалгүй, орон нутгийн нөхцөлд мэдээлэл цуглуулах, мэдээгээ хадгалах явдал хангалтгүй байгаатай холбогдож байна гэж тайлбарлаж болох юм.

9. Сургууль завсардалтын талаарх vндэсний бодлого, хууль тогтоомжууд

Хэдийгээр сургууль завсардалтад шууд чиглэсэн хууль эрх зүйн актууд байхгүй ч дараах бодлогууд нь Монгол дахь сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх, арилгахад чиглэж байна:

  • 1995 оноос эхлэн сургуул­ийн дотуур байрны төлбөрийг халсан нь орлого багатай өрхийн хүүхдүүд сургууль завсардах байдлыг бууруулахад хувь нэмэр болсон гэж болно. Эцэг эхчүүд дотуур байрны зардлаас хуваалцах ёстой болсноос 5 жилийн дараагаар 2005 онд энэ нь зогссон байна. Дотуур байранд суух хүүхэд бүрээр төсвийг тооцон зардлыг нь 100 хувь засгийн газар хариуцах болсон ба 1999 онтой харьцуулахад засгийн газраас санхүүжүүлэх хүүхэд бүрийн зардал 21 хувиар өссөн байна. Үнийн дүнгээр нь авч үзвэл 1999 онд хүү­хэд бүрт жилд 86,6 мянган төгрөг зарцуулж байсан бол 2004 онд 110,9 мянга болон өс­сөн байна.
  • Хичээлийн жил бүрийн эхэнд амьжиргааны баталгаажих төвшин доогуур өрхийн сургуулийн насны хүүхдүүдэд 16.000 төгрөгийн хичээлийн хэрэгслийн тусламж үзүүлж байлаа. 2000 оны 9 дүгээр сарын БСШУ-ны сайдын болон СЭЗЯ-ны сайдын хамтын 34/31 тоот шийдвэрээр уг хөтөлбөр нь хэрэгжиж эхэлсэн байна. Уг шийдвэр нь нийгмийн эмзэг бүлгийн, 4 ба түүнээс дээш тооны хүүхдүүд сургуульд нэгэн зэрэг суралцдаг өрхийн хүүхдүүд уг хичээлийн хэрэгслийг үнэ төлбөргүйгээр авах эрхийг олгосон байна. Тухайн хичээлийн жилийн 9 дүгээр сард уг тусламжийг авахын тулд хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид нь 5 дугаар сард орон нутгийн засаг захиргааны нэгж байгууллагад хүсэлт гарган, холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж өгөх ёстой байна.
  • Засгийн газар UNESCO-той хамтран 1977-2004 онуудад Албан бус боловсрол (АББ)-ын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. АББ-ын сургалтын хөтөлбөрийн агуулга нь суралцагчдын хэрэгцээ, шаардлагад тулгуурладаг нийгэм хамт олны хөгжлийн загварыг баримталдаг аж. АББ-ын төв нь албан бус боловсролын багш нарыг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, хөтөлбөр, сурах бичиг боловсруулах, сургууль завсардсан хүүхдүүдэд дүйцүүлэх хөтөлбөрийн сургалт зохион байгуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг явуулдаг.

АББ-ын хөтөлбөрийн хүрээнд суралцсан хүүхэд нь стандартчлагдсан тестүүдийг өгч академик чадварын биелэлтээ шалгуулснаар тэд ердийн сургуулийн тухайн насны тохирох ангид шилжин суралцах эсвэл суурь боловсрол эзэмшсэний гэрчилгээ авч чадах юм. АББ-ын хөтөлбөрийн тайланд сургуульд огт хамрагдаж чадаагүй хүүхдүүд болон сургууль завсардагсдад чиглэсэн үйл ажиллагаанууд нь мэдэгдэхүйц үр дүнд хүрч байгаа тухай өгүүлжээ.

Category: Education | Added by: uugii (2012-03-01) | Author: uugii
Views: 3485 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр*:
Й-мэйл:
Code *:
Цаг хугацаа

Клип


Админтай холбогдох

Byambadorj


Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх 


Энд таны реклам

Сурталчилгаа...

Статистик

Нийт Онлайн 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

Мэндчилгээ

All program
Guest


Бүртгүүлээд өдөр
Таны IP: 3.145.131.28
Бүртгэлээ засах
Таны булан
Захиа унших ()


Уучлаарай та бүртгэлгүй байна. !


Site created in uCoz
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012 он
Зохиосон: Дархан дээд сургуулийн АХК-4 ангийн оюутан Д.Бямбадорж